Програмчлал гэж юу вэ?

Алгоритмыг дүрслэх хэд хэдэн арга байдаг. Эдгээрийн нэг нь програмын хэл ашиглан алгоритм зохиох арга буюу програмчлал юм.

Зохиосон алгоритмыг гүйцэтгэгч нь компьютер. Тэгвэл үг ба график дүрслэлийн аргаар илэрхийлсэн алгоритмыг компьютер “ойлгохгүй”. Учир нь компьютер аливаа мэдээллийг дүрслэх өөрийн гэсэн хэлтэй. Түүгээр нь илэрхийлсэн мэдээллийг л “ойлгоно”. Ийм компьютерын хэл дээр зохиогдсон алгоритмыг програм, харин програм зохиох процессыг програмчлал хэмээн нэрийддэг.

Компьютерын хэл гэж ямар юм байх вэ? Орчин үеийн компьютер бол нарийн бүтэцтэй дижитал электрон төхөөрөмж гэдгийг бид мэднэ. Түүний мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа дотор талын логик элементүүдэд (схемүүдэд) өгөгдсөн хүчдэлээр зохицуулагдана. Логик элемент нь “асаалттай”, “унтраалттай” (эсвэл “үнэн”, “худал”) гэсэн хоёр тогтвортой логик төлвийн аль нэгд оршдог. Ихэвчлэн +5В хүчдэл өгөгдсөн байвал асаалттай төлөв (гүйдэл байна), харин 0-1В хүчдэл өгөгдсөн байвал унтраалттай төлөв (гүйдэл байхгүй) гэнэ. Харин хүн эдгээр төлөвийг тоогоор илэрхийлж загварчилна. Тухайлбал “асаалттай” төлвийг 1, “унтраалттай” төлвийг 0-ээр кодлодог. Тиймээс энэ хоёр цифрийн тодорхой дараалал ө.х. олон тооны логик элементийн комбинациар ямар ч мэдээллийг кодлож (дүрсэлж) болно. Ингэж ч кодлодог. Үүнийг компьютерын хэл гээд байгаа юм.

Image:pic1.jpg

Түүнээс гадна энэ хэл дээр мэдээллийг гүйцэт зөв кодлохын тулд компьютерын логик элементийн тоо асар их (хэдэн тэрбум) байх ёстой болдог. Тийм ч байдаг.

Хэдэн үндсэн цифрийг ашиглан дурын тоог илэрхийлэх аргачлалыг тооллын систем гэдэг. 0 ба 1 гэсэн хоёрхон цифрийг ашигласан тооллын системийг 2-тын тоолол (BIN-Binary) хэмээн нэрийднэ. Тэгэхээр компьютерын техникт бол 2-тын тооллын системийг ашигладаг ажээ. Энэ тооллын системд, 0 ба 1-ийн дурын дараалал ямар нэгэн 2-тын тоо болно. Ө.х. компьютерын хэл дээрх мэдээлэл гэдэг нь дандаа 2-тын тоонуудаар кодлогдсон байх нь. Ийм кодын “хоёр талд” хэрэглэгч, компьютер хоёр “сууж” байх бөгөөд компьютер уг кодыг логик элементүүдийн дараалал мэтээр шууд “уншиж” байхад хэрэглэгч бол уг кодыг мэдээлэл болгон тайлж уншина. Эсрэгээр мөн мэдээллээ кодлон “бичнэ”. Үүнийг програмчлал гээд байгаа юм.

<<-Буцах